Литва улсаас гараагаа эхлэж Эстони улсад дуусах 10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээ маань миний анхны оролцохыг хүсэж, бүртгүүлж, зөвшөөрлөө авсан арга хэмжээ байлаа.
Ингэхлээр Литви улсад нэвтрэх Шенгений визийг авах учиртай тул, Литви улсын визийг даруулах талаар өнгөрсөн өдрүүдэд судлаж үзээд, БНХАУ-ын Бээжин хот дахь Литвийн элчин сайдын яамнаас визээ авах учиртайг ОХУ-ын Москва хот дахь Литвийн элчин сайдын яамнаас ирсэн хариу имэйлээс тодорхой мэдэж авлаа.
Визэнд шаардлагатай материалаа бүрдүүлээд, өөрийн биеэр БНХАУ явж Литвийн виз даруулна гэдэг бол зардал өндөртэй, мөн АйрТранс компанийн виз зуучлалын 70 долларын үйлчилгээнд хамрагдаж болох гарц байгааг ч судлаж үзээд, нэг л санаанд багтсангүй.
Ингээд Улаанбаатар хотод байгаа Германы элчин сайдын яам нь Финлянд улсын виз /энэ нь бас л Шенгений виз тул Литва улсад зөвшөөрөгдөнө/ олгодогийг вэбээс нь харж, аялалын зорилго, эцсийн зогсоолоо Финлянд улс болгохоор зорьлоо.
Финлянд улсын Hämeenlinna хотод “New Professionals Now!” гэсэн уриатайгаар 8 сарын 9-10 өдрүүдэд төлбөр хураамжгүйгээр болох IFLACamp арга хэмжээнд оролцохоор бүртгүүлж, оролцох билетээ авсан байсан маань нэг их том шалтгаан болж чадахгүй байв.
Ингээд Финлянд улсын Helsinki хотод 8 сарын 11-17 өдрүүдэд Libraries Now! - Inspiring, Surprising, Empowering уриатай зохион байгуулагдаж буй Олон улсын номын сангийн холбооны их хурлын 1 өдрийн арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэх, ямар өдрийг нь сонгох боломжтой байна зэргийг судалж, улмаар 175 евро төлж 8 сарын 13-ны Даваа гаригийн үйл ажиллагаанд оролцохоор сонголтоо хийлээ.
Мөн Литвийн номын сангуудтай танилцах хөтөлбөрөө баталгаажуулсан шигээ,
Финляндын номын сангууд, Санктпетрбург, Москва хотуудын төрөл бүрийн нийтийн номын сангуудтай танилцах хөтөлбөрөө ярилцаж, тохиролцож баталгаажуулахаар имэйлээр харилцсаар л байна.
Бас нэг асуудал, Европын номын сангуудаар дугуйтай аялцгаая аялалд оролцохыг манай номын сангийн захиргаа зарчмийн хувьд дэмжиж байгаа, ийнхүү 2011 оны үндсэн үйл ажиллагааны давсан орлогийн мөнгийг авч санхүүжүүлэх боломж л байгааг хэлж байсан тул шинэ хөтөлбөрөө хавсаргаж Захирлын тушаал гаргуулахад анхаарлаа хандуулж, тасгийн эрхлэгчдээ саналуудаа хүргүүлсэн.
Ирэх өдрүүдэд шинэ хөтөлбөрөө та бүхэнд танилцуулна.
No comments:
Post a Comment